Орчин үеийн театрын чиг хандлага эрдэм шинжилгээний хурлын илтгэл




“ОРЧИН ЦАГИЙН ДРАМЫН УРЛАГИЙН ХӨГЖИЛ, ЧИГ ХАНДЛАГА” сэдэвт
эрдэм шинжилгээний хуралд оролцох илтгэл
Илтгэлийн нэр: Орчин үеийн театрын чиг хандлага
Зохиогчийн овог, нэр: СУИС-ийн ТУС-ийн НЖУТ-ийн багшТС, Магистр Намнангийн НАРАНБААТАР
Цахим шуудан хаяг: Para.dram@yahoo.com
Илтгэлийн хураангуй:
Түлхүүр үг: Үндэсний уламжлал, ёс заншил ,сэтгэхүй, хэв шинжийг хадгалж бусад урсгал, чиглэлүүдийг сонгон ашиглах нь орчин үеийн театрын онцлог юм.















Оршил
Театрын урлагийн ХХ-р зууныг эргэн харвал маш их ололт, амжилт олсон шинэ санаа, сонгодог арга, аргачлал бий болж маш сайн хөгжиж дэвшсэн байдаг. Энэ бүхэн театрын урлагт домог болж нэрээ цуурайтуулсан К.С.Станиславский ба түүний олон шавь нарын төлөөл В.Э.Мейерхолд, Вахтангов, цаашлаад Германы Брехт, Латвийн С.М.Эйзенштейн, Гүржийн Г.А.Товстоногов, Английн Петер Брук, Польшийн Ёжи Гротовски, Францын А.Арто гээд шилдэг найруулагч, театрын онолчдын нөр их хөдөлмөр, туршлагаас бий болсон.
Харин нөгөө талаас ХХ-р зууны  техник, технологийн хөгжил дээшилснээр, кино дэлгэцийн салбар хурдацтай хөгжиж, театрын гэх орон зайг эзэлж, үзэгчдийг хүртэл булааж театрын урлагийг зогсонги байдалд хүргэхэд шууд нөлөөлсөн. Мэдээж тухайн үеийн цаг үеийн байдал, эдийн засгийн уналт түүний араас дэлхийн I, II-р дайн гээд олон томоохон үйл явдал ч үүнд хамаатай. Гэсэн хэдий ч театрын гэсэн энэ байр суурийг хадгалж үлдэхийн тулд театр уламжлалт аргаас зайлсхийж цоо шинэ аргачлалуудыг гарган өрсөлдөж эхэлсэн. Тэгсэн ч театр бүрэн дүүрэн байр сууриа эзэлж чадахгүй байна. Угтаа театрын урлаг хувьсан өөрчлөгдөх ёстой. Энэ замаараа театр хөгжсөөр явж байгаа.
Тэгвэл дэлхийн театрын орчин үеийн чиг хандлага, урсгал хаашаа чиглэж байна? Үүнийг дагаад Монголын театрын хөгжил хаана явж байна? Урсгал хаашаа чиглэх вэ? гэх асуултууд театрын онолч, судлаач, шүүмжлэгч, найруулагчдийн тулгамдсан асуудал болоод байна.  Мөн эргээд театрын урлагийн орон зай, байр суурийн асуудал дэлгэгдэх болно.
Өнөөдрийн түвшинд театр гэж юу вэ? Театрын үүрэг, бусдаас ялгарах онцлог шинж юу вэ? Театрыг кино, телевизийнхэн давтаж, дуурайхгүй байх онцгой тал нь юу вэ?  гэхээр тайзны уран бүтээлийг, нүүр будаггүй, тусгай зориулалтын хувцасгүй, засал чимэглэлгүй, гэрэлтүүлэггүй, тайзгүй, хөгжимгүй гээд хассаар эцэс сүүлд нь “амьд” харьцаа гэсэн зүйл жүжигчин, үзэгчийн хооронд үүсэж байна. Энэ бол бидний мэдэх хуучин л онол. Тэгвэл эргээд бидний кино, дэлгэцийн салбараас авч болох тайзны шинэ үеийн гэрэлтүүлэг, тайзан дээр дэлгэц тавих, үзэгчдийн суудлыг механикжуулах, тоглолтын орон зайг өөрчлөх, танхимын шал, тайзыг хөдөлгөөнд оруулах оролдуулгууд хийж байгаа ч энэ бол нүд хуурсан ажил. Театр техник, тоноглолын ар талаа яаж сайжруулсан ч гэлээ кино дэлгэцийн урд гишгэж чадахгүй ядуу хэвээрээ л үлдэнэ. Ингэхээр театр ядмаг байдалд хүрч байна.[1] Гэвч үүнийг шийдэх даван туулах арга зам байгаа.
Судалгааны хэсэг
Хамгийн эхлээд театрын бүтэц яаж явсныг эргэн саная.
А- Жүжигчин, Ү- Үзэгчид, З- Жүжгийн зохиол, Б-Жүжгийн зохиолч, Д-Дүрслэн үзүүлэх, Н- Найруулагч, Ж-Жүжиг, У- найруулагчийн сэдэлтэй Т-Тайз, текникийн төхөөрөмж, Ш-судлаач, шүүмжлэгчид гэе.
Хэдий үед
Театрын бүтэц
Тайлбар
МЭ V-р зуунд
А -> Ү -> З
Жүжигчид жүжгийн зохиолыг үзэгчдэд тоглоно.
Дараа үед
Б->А->ЗЗЗ->Ү
Жүжгийн зохиолч жүжигчдийн тусламжтайгаар гурвалсан жүжгийг үзэгчдэд тоглоно.
Сэргэн мандалтын үе
Т->Ж->Ү->Ш
Үзэгчид, судлаач, шүүмжлэгчдийн өмнө тайзтай бүрэн бүтэн жүжгийг үзүүлнэ.
ХХ-р зууны эхэн үе
Н->Б->А->Д->Ү
Найруулагч, жүжгийн зохиолч жүжигчдийн тусламжтайгаар дүрслэн үзүүлж үзэгчдийн өмнө тоглоно. /Мейерхолд, Вахтангов/
ХХ-р зууны сүүл үе
Н->АЗТ->У->Ү
Найруулагч жүжигчин, жүжгийн зохиол, тайз, техник төхөөрөмжийн тусламжтайгаар найруулагчийн сэдлээр үзэгчдэд тоглоно. /Тайз синтез урлаг, Найруулагчийн театр/[2]

Ийм үе шатлалтайгаар явсан байх юм. Ингээд ХХI-р зууны эхэн үеийн Театрт нөлөөлсөн Станиславскийн систем дээр Мейерхольдын биомеханик, мөн биеийн гадаад үйлдлийг Станиславскийн аргачлалтай нэгтгэх гэсэн Вахтанговын оролдлого, Брехтийн хүнийших буюу жүжигчийн зөвхөн дүрдээ тоглохгүйгээр түүнээс гарч өөрийн үзэл бодол иргэний үүргээ гүйцэтгэж тухайн дүрээ таниулаж үзүүлэх ёстой, тайз өөрөө дүр болох, 4дэхь ханыг нураах, логик бус үзэгдэл, үзэгдэл бүр бие даасан үзэгчид өөрсдөө эргэцүүлж бодох ёстойг[3] мөн театрын үүргийн философид өөрчлөлт гаргасан Брехт хэмээх жүжгийн зохиолч, найруулагчийн аргачлал өнөөдөр ч хуучраагүй байна.
Эйзенштейны шийдлүүдийн нэгээс дурдахад циркийн манеж шиг тайзыг засаж үзэгчдийн дээр татсан утсан дээгүүр жүжигчдээ гүйлгэн тоглуулж[4] өнөөгийн 3D хэмжээст үзүүлбэр театрт хийх оролдлого, мөн аттракционы монтаж /attraction – сонин, содон/-ийг  өргөнөөр ашигладаг нь  бүгдийг шуугиулж, их маргаан тарьсан.
Одоогийн театрын томъёолол нь ДҮХ болоод байна Петер Брукийн үзэж байгаагаар Давтах, үзүүлэх, хамтрах 3 тайзан дээр өрнөхөд зайлшгүй шаардлагатай бүрдүүлэгч хүчин зүйлүүд. Давтах, олон давталтанд ялзрах зөрчил байдаг тэр зөрчлийг тайзан тодрох гарах зүйл.  Үзүүлэх –үзүүлбэр representation буюу францаар үзүүлэх гэсэн үг. Үүний мөн чанарыг туйлын үнэнээр илэрхийлнэ. Харин театрын үнэн бол ямагт хөдөлгөөн дунд л бий.[5]
Мөн тэрээр театрыг амьгүй театр, ариун театр, бүдүүн балмад театр, нэг ийм театр гэж орчин үеийн театрыг хуваан авч үзжээ. Одоо ч дэлхийн театрууд энэ ангилалд хуваагдаж байна. Дэлхийн театрын дийлэнх нь амьгүй театр байна. Жишээлбэл сэтгэлийн зугаа цэнгэл хайрлахгүй, үзэгчдийн халаасыг хоослох гэсэн хий хоосон арзаганасан инээдэм, савласан мюзикл гэлтгүй, Мольер, Брехтийн жүжгүүд, дууриуд, тэр ч бүү хэл Шекспирийн жүжгийн тавилт хийсэн театрууд дэлхий даяар байна.  
Ариун театр гэдэг харагдахгүй болгоныг ил болгохын зэрэгцээ ухааран хүлээж авах нөхцөл бололцоог бүрдүүлдэг онцлогтой.
Каннингэм, Гротовский, Беккитийн театрууд хөрөнгө мөнгөөр тарчиг хэдий ч хичээл зүтгэл, хатуу дэг журам, яс ажиллагаа байдаг болохоор elite – шилдэг тоглолттой байсан байна.
Жүжигчний боломжийг нээж, чөлөөтэй болгоход чиглэсэн дасгалын сонголт, хийх арга ч тухайн хүнд, тавих гэж буй жүжгийн санаанд таарч байх ёстой. Найруулагчийн толгойд эргэлдэж байгаа санааг биелүүлэхэд тоглож байгаа жүжигчин жиу житсуд хийдэг мундаг дасгал хөдөлгөөн хийвэл дүрийн дотоод ертөнцийг гайхалтай товойлгон гаргамаар санагдаж болно. Гэхдээ санаа ямар агуу байсан ч найруулагч, хореограф /choreo-бүжиг+grapho-бичих гэсэн утга бүхий Грек үг./ хоёр хамжиж байж сая анхдагч санаа биелэлээ олж найруулагчийн уран санаа ч ойлгомжтой болно. Гэхдээ энд тунгийг нь тааруулах хэрэгтэй.  Жишээлбэл Шекспирийн зорилго дандаа их ариун метафизик / meta ta physika үгчилбэл физикийн дараа гэсэн грек үг./ шинж илэрдэг ч хэт нэг тал барьдаггүй. Бидний дэвэргэн туйлын үнэний араас хөөдөггүй, үргэлж татан газардахыг шаарддаг.[6] Гротовский  үүнийг ухаарсан учраас ярьж байгаа зүйл нь ч өөр байдаг.
Бүдүүн бааз театр зарим нь балмад театр ч гэдэг нь ёс зүйгүй, замбараагүй гэдэг ичгүүртэй, зохимжгүй байна гэдэг инээдтэй, заваан гэдэг бүдүүн бааз байдлыг тодруулах гээд энэ бүгдийг шингээж чадсан театр бол нийгэм-олон нийтэд эрх чөлөө мэдрүүлнэ. Ардын театр мөн чанарынхаа хувьд захиргаадах , уламжлалд хэт баригдах, хий сүржигнэх, нэг талыг баримтлах эсрэг шинжтэй. Энэ бол чимээ шуугианы, чимээ шуугианы гэдэг бол алга ташилтын театр гэсэн үг. Ариун театр, бүдүүн хадуун театр бие биеэ үгүйсгэж байдаг.  Хоёулаа эсрэг талаараа өөр өөр сайн талтай ч үнэн сэтгэлийн хувьд Ариун театр илүү. Шекспирийн “Шуурга” гэсэн маш содон, давхар давхар санаатай, метафизик хэлбэрээр бичигдсэн жүжиг яаж ариун, инээдмийн хийгээд бүдүүн хадуун театрыг эн тэнцүү шингээж байж болдогийн гайхалтай жишээ болж байгаа юм. П.Брук найруулагч нь Брехтийн Ариун театр, Артогийн Балмад театр нарын бие биеэ үгүйсгэсэн гоо зүйн зарчмыг нийлүүлж П.Вайсын “Марат-Сад”-ыг тавьсан.[7]
Өнөөдөр үзэгчдэд театр чухал санагдахаа байж. Хэн юу бүтээж байгаад нэг л тоомжиргүй хандах болж. Өөрөөр хэлбэл өнөөдөр биднийг юу үзүүлэхийг тэсэж ядан, амьсгаа хураан суух үзэгчдийг хүлээх аргагүй болж. Харин бидний зорилго бол үзэгчдийн анхаарал, итгэлийг татах явдал.
Үүний тулд бид элдэв гайхалтай үзүүлбэрээр хүмүүсийн толгой эргүүлэх биш, ердөө л хийж байгаагаа ил дэлгэн харуулах ёстой болоод байна. Юу ч нуугаагүй гэдгээ үзүүлэх учиртай цаг иржээ. Энэ утгаараа найруулагчийн театр гэдгийг үүсгэсэн.
Найруулагч жүжигчнээс дүр цаашлаад партитуриар ажиллахыг шаардаж түүнд хүрэх ур чадварыг шаардах, өөрөө цуг нээх гэж зүтгэж байна.
Гротовский хэлснээр театрыг зугаацаж цэнгэхэд зориулсан кино танхим, телевизийн шоу, инээдэмт хөгжмийн тоглолт, кабаре, цэнгээнт театр биш харин ухаарал гэгээрэл хайсан, сэтгэлзүйн эгзэгтэйн явдлын учрыг олох гэсэн өөрийгөө таньж, хорвоо ертөнцөд эзлэх байр сууриа тодорхой болгох гэсэн үзэгчийг чухалчилсан сая театр гэж үзжээ. Тэр ч утгаараа бүтээл дээр нарийн хандаж өөрийгөө Станиславскийн үргэлжлэл гээд биемахбодийн хөдөлгөөн, дуу хоолой, анхаарал дээр мөн жүжигчний чөлөөт байдлын тал дээр их олон туршилт, дасгал хийсэн байна.
Хамгийн сонирхолтой Брук, Гротовски нар Францын Артогийн театр түүний үзэл онолыг шагшин зөв бурууг батлах гэж их оролдлого хийжээ. Артогийн театр балмад театр хэдий ч өөрөө театрын ид шидийн тухай ярьж түүнийгээ нотлох цаг хугацаа түүнд байгаагүй юм.
Үр дүн
Монголын театрын урлаг дэлхийн театрын онол аргачлалаас нэг бодлоор хоцорч явна. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр дэлхийн театрын сонгодогт орж аргачлалын талаарх сургалт, дасгал, нөхцөл байхгүй байна. Шинэ үеийн “найруулагчийн театр” гэх орчин байр ч алга. Гэхдээ ор тас явжээ гэвэл бас өрөөсгөл Брехтийн аргачлалыг тухайн үед Мөнхдорж найруулагч гаргаж байсан. Ванган найруулагчийг аргачлал зарим талаараа Петер Брукийн аргачлалтай нийлж байна. Ёжи Гротовоски арга барилийн нэг тал нь Гэндэн найруулагчийг санагдуулах гэх мэт төсөөтэй зүйлүүд байна.
Найдандоржийн Чөлөөт хос жүжигт зарим аргачлалуудыг харагдах жишээний. Одоо явуулж байгаа үйл ажиллагаа ч орчин үеийн чиг хандлага руугаа хүн хийгээд жүжигчин рүүгээ хандсан ажиллагаа жишээ нь хореограф найруулагчтай болсон явдал. Гэвч ганц монополь театр байгаа нь өрсөлдөгч хийгээд өөрсдийгөө тольдох зам байхгүй байгаа нь хөгжлийн гацаа юм. Ирээдүйд Монголд найруулагчийн олон театр бий болвол илүү хурдацтай жинхэнэ хөгжих боломж юм.
Дүгнэлт
Хүний ахуй үнэхээр нууцлаг, түүнийг тайлахыг хүсч байвал та ягшмал байр сууриа орхиж үл мэдэх нууцлаг ахуй руу өөрөө ирэх ёстой. Сэтгэхүйн хүрээнээс хальж, оршихуйд нь уусах нь учиртай.
Пост модерн гэдэг нь агуулга, санааг гол чухалчилаад хуучин хэв шинжийг халж, чөлөөт сэдвийг дэмжиж синтез урлагийг бий болгох юм. Өнөөдөр манай УДЭТ пост модерн урсгалыг барьж, уран бүтээлийг туурвиж байна.
Театрын найруулагч,  онолчдын их туршилт, аргачлалаас дараагийн дээд түшний театрууд гарч байна. Теарын урлаг улам л их хөгжиж нарийсаж байна. Бусад урлагаас ялгарах онцлогоо мэдрүүлэх боломж байгаа юм. Театр амьд харьцаа тэр утгаараа илүү жүжигчин хийгээд түүн ур чадварын асуудалд дээд зэргийн анхаарал өгч байна. Шинжлэх ухаан талаасаа хүн гэдгийг маш нарийн судлаж, хүнээс юу гарч болох талаас нь бие махбоди, хүний мөн чанараас дээд хязгаарыг гаргах гэж туршиж байна. Мөн үзэгчдийг жүжиг үзээд театрын хаалгаар гарахдаа бүгдийг мартаад гардаг, эсвэл уйдан залхаан цээрлүүлэх бус харин тэднийг жүжигтээ татан оруулж нэг хэсэг нь болгож , бодож эргэцүүлүүлэх, таниулж мэдрүүлж ариусах Катарсис – / catharsis- ариусах, цэвэрших гэсэн утгатай Грек үг. / гээд тэднийг татах олон аргачлалууд байна. Үүнээс илүү аргачлалууд байгаа түүнийг нээн гаргах явдал юм.
Театрын онол, аргачлалыг нэг нь нөгөөгөөсөө илүү, эсвэл үгүйсгэдэг бүүр хоцрогдсон гэж үзэх нь дутагдалтай зүйл юм юм. Харин эсрэгээрээ тухайн найруулагч, онолчдын гаргаж аргачлалаас хэрэгтэйг нь өөрийн жүжиг уран бүтээлд шингээх хамтатгах, магадгүй түүнээс улбаалан гаргасан өөрийн аргачлалыг гаргаж найруулагчийн театрын онцлогийг ч гаргах боломжтой юм.
Энэ утгаараа Монголын театрын орчин үеийн чиг хандлагыг үндэсний уламжлал, ёс заншил, хэв шинжийг хадгалж, театрын хөгжлийн сонгодог аргачлалуудыг ашиглаж, тухайн найруулагчийн шинэ аргачлалыг нээхэд оршиж байна.
Найруулагчийн театр сэтгэлгээг чухалчилж орон зайг эзэгнэх юм.
Дахин давтагдашгүй өгөгдөл зөвхөн сонгогдсон хүмүүст л заяадаг.

Хавсралт

 


Ашигласан ном зүй 

1. Чистюхин И Н. О драме и драматургий 2016. - 12х. 
2. Брук П. хоосон орон зай 1925 Орч. Н.Пүрэвдагва. - УБ., 2014.-132х
3. Гротовски Ё. Ядмаг театраас хөтлөгч урлаг руу Орч. Н.Пүрэвдагва. - УБ., 2015.-11х
4. Захава Б Е. Жүжигчин, найруулагчийн уран чадвар Орч. Н.Пүрэвдагва. УБ., 2012.
5. СУИС ТУС. Монголын театрын түүх УБ., 2015.





[1] Гротовски Ё. Ядмаг театраас хөтлөгч урлаг руу Орч. Н.Пүрэвдагва. - УБ., 2015.-11х
[2] Чистюхин И Н. О драме и драматургий 2016. - 12х. 
[3] Брехтийн эрдэм шинжилгээний хурлын өгүүлэл УБ., 2016
[4] Брук П. хоосон орон зай 1925 Орч. Н.Пүрэвдагва. - УБ., 2014.-196х
[5] Брук П. хоосон орон зай 1925 Орч. Н.Пүрэвдагва. - УБ., 2014.-181х
[6] Гротовски Ё. Ядмаг театраас хөтлөгч урлаг руу Орч. Н.Пүрэвдагва. - УБ., 2015.
[7] Брук П. хоосон орон зай 1925 Орч. Н.Пүрэвдагва. - УБ., 2014.-93х

Comments